БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Баянхонгор аймгийн Заг сум нь түүхийн явцад эрин цагийнхаа аясыг даган хөгжлийн хэд хэдэн шатыг дамжиж ирсэн байна. Үүнд:

  1. Түшээт хан аймгийн засаг, Улсын түшээ гүнгийн хошуу / 1691-1725 /
  2. Сайн ноён аймгийн засаг, Төрийн жүн вангийн хошуу / Халхын хойт замын баруун гарын баруун этгээдийн хойтох хошуу / 1725-1911 /
  3. Сайн ноён Хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу /1911-1923 он хүртэл /
  4. Цэцэрлэг мандал Уулын аймгийн Богдхайрхан Уулын хошуу / 1924-1927 он хүртэл /
  5. Цэцэрлэг Мандал Уулын аймгийн Богдмарал Уулын хошуу / 1928- 1931 он хүртэл /
  6. Өвөрхангай аймгийн Заг гол сум / 1931 оны хавраас 1934 оны хавар /
  7. Архангай аймгийн Заг гол сум / 1934 оны хавраас 1942 оны хавар /
  8. Баянхонгор аймгийн Заг сум / 1942 оноос хойш /

Заг сум нь одоогийн байдлаар  2003 хүн амтай 117275  толгой малтай 20 нь малчны бүлэгтэй  14  худалдаа үйлчилгээний төвтэй 6 нь төсөвт байгууллагатай Эрүүл мэндийн төв нь 2 их эмчтэй нийт 25 ажилтантай, ЕБСургууль нь 32 орон тоотой 240 сурагчтай, Хүүхдийн цэцэрлэг нь 16 ажилтан 60 хүүхэдтэй,  ИТХ нь 2 орон тоотой, ЗДТГазар  Соёлын төв нь 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Баянхонгор аймгийн төвөөс 188 км, Улаанбаатар хотоос 820 км зайтай тал хээрийн бүсэд оршдог. Тус сум нь Баянбулаг, Баянулаан, Чандмань-Овоо, Залаа-овоо гэсэн 4 багтай, Хангай нурууны баруун хэсэг Овоон таг, Баянбулаг, Данхарын тагууд, Хөх Хайрхан, Тахилга Хайрхан Баянцагаан уул, Ямбат Хайрхан зэрэг үзэсгэлэнт сайхан уул нуруудаар хүрээлэгдэн, Жаргалант, Бумбат, Хөв, Баян, Их дөт, Шорвогт Сүүж, Хөөвөр зэрэг хөндий, хоолойнууд хосолсон уудам нутагтай. Сумын хамгийн өндөр цэг нь Баян Булагийн таг уул 3102,8м өндөрт байрлана. Заг сумнд түүх соёлын дурсгалт газрууд олон бий. Түүний нэг нь Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн Заг Байдрагийн Хүрэн бэлчир билээ. Нутаг дэвсгэрийн мужлалаар ойт хээрийн өндөрлөг бүс, мелиорацийн мужлалаар Алтай Хангайн бүсийн чийгтэй бүсэд хамрагдах ба Заг сумын байршил нь баруун, баруун урд талаараа Хүрээмарал, Бууцагаан, баруун хойд талаараа Гурван булаг, хойд зүүн хойд, зүүн талаараа Жаргалант, урд талаараа Бөмбөгөр сумдуудтай тус тус хиллэдэг. Уулархаг бартаа ихтэй газруудаараа аргаль янгир, ирвэс, шилүүс, зэрэг ховор ан амьтан тааралддаг. Тал хээр газартаа үнэг, чоно, хярс мануул, үмхий хүрэн, сарьсан багваахай, зурам зэрэг олон төрлийн амьтадаар баялаг юм. Буга, зэрлэг гахай,  дорго, хүдэр, аргаль зэрэг цөөн тооны ховор амьтад бий.  2003-2007 оны хугацаанд Архангай аймгийн Чулуутын голоос 3000 гаруй агнуурын Зэвэг, Хадран гэсэн 2 төрлийн загас авчирч Загийн хөх нууранд анх үржүүлж нутагшуулсан нь одоо Загийн голд аль хэдийн 250 сая гаруй болон үржиж нутгийн зон олонд ашиг тусаа өгч байна.

Газар зүйн байдал. Заг сум нь Баянхонгор аймгийн төвөөс 188 км, Улаанбаатар хотоос 820 км зайтай тал хээрийн бүсэд оршдог. Заг сумын нутаг дэвсгэр нь 2560,9 км2 нутаг дэвсгэртэй, нутгийн хамгийн хойд захын цэг Баянбулагийн таг уул 3102,8м өндөртэй, урд захын цэг Хөх Хайрхан уул 2565м өндөртэй, баруун захын цэг Ногоон Хөөвөрийн булаг 2250м өндөртэй, зүүн захын цэг Сэрвэн уул 2467м өндөртэй, Хангай нурууны баруун хэсэг Овоон таг, Баянбулаг, Данхарын тагууд, Хөх Хайрхан, Тахилга Хайрхан Баянцагаан уул, Ямбат Хайрхан зэрэг үзэсгэлэнт сайхан уул нуруудаар хүрээлэгдэн, Жаргалант, Бумбат, Хөв, Баян, Их дөт, Шорвогт Сүүж, Хөөвөр зэрэг хөндий, хоолойнууд хосолсон уудам нутагтай. Сумын хамгийн өндөр цэг нь Баянбулагийн таг уул 3102,8м өндөрт байрлана. Нутаг дэвсгэрийн мужлалаар ойт хээрийн өндөрлөг бүс, мелиорацийн мужлалаар Алтай Хангайн бүсийн чийгтэй бүсэд хамрагддаг. Сумын нутаг нь эрс тэс уур амьсгалтай. Тус сумын нутагт 10 дугаар сарын сүүл үеэр  өвөл эхэлж 3 дугаар сарын сүүлээр шувтрах бөгөөд нийтдээ 5 сар гаруй буюу 160 хоног үргэлжилнэ. Өвөл нь газрын гадарга ихээхэн хөрч агаарын температур -14.5 -28,3С хүртэл хүйтэрдэг байна.

Мэдээ оруулсан: 2016-03-30 18:52:37